НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжын ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ.

Төв цэвэрлэх байгууламжын доголдол, гэр хорооллын 216 мянга орчим нүхэн жорлон, ил задгай угаадас нь агаар хөрсний бохирдлыг ихэсгэдэг байна. Энэ бохирдол нь үерийн усаар дамжин Туул голыг бохирдуулдаг гэнэ. Цаашлаад голын сав дагуу байрлах гүний худгуудад сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Тиймээс хөтөлбөрийн хүрээнд ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшгийн үед ундны усны аюулгүй байдлыг хангах, гадаргын болон газрын доорх усны чанарт шинжилгээ, судалгааг эрчимжүүлэх ажлуудыг хийх юм.

Түүнчлэн төв цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагааг хангаж, үйлдвэр, ААН, байгууллагын бохир усыг татан зайлуулахад гарах эрсдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тус хөтөлбөрийг БОАЖЯ, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх бөгөөд есөн дүүрэгт хэрэгжих юм.

Мөн арьс ширний үйлдвэр, машин угаалгын газар, “Харгиа” цэвэрлэх байгууламж гэх мэт хүчин зүйлст авах арга хэмжээг тодорхой болгох талаар хэлэлцсэн байна. Тэргүүлэгчид хөтөлбөрийн төслийг дэмжиж энэ сард болох НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Нийслэлд арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлийн 43 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн онд эдгээр үйлдвэр орчмын хөрсөнд шинжилгээ хийхэд 33 цэгт хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрсэн гэж бүртгэгджээ.