Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдсан байна.

Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасны дараа тухайн асуудал шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгаа, хэн дээр гацсан зэргийг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой болжээ.

Хяналтын картыг eservice.ulaanbaatar.mn-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой гэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээ цахимд шилжсэн ба 10 сарын нэгнээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлэх юм байна.