Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор Хотын дарга захирамж гарган 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгасан юм. 

Эдгээрээс Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршилд газар чөлөөлөлт хийжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас одоогийн байдлаар бүх байршлын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлж, дөрвөн байршлын газрыг эзэмшигч иргэн, ААН нь өөрсдөө чөлөөлсөн байна.

Мөн 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ. Түүнчлэн өчигдөр СБД-т гурав, БЗД-т гурав, СХД-т хоёр, БГД-т хоёр байршлын газарт газар чөлөөлсөн юм.

Цаашид чөлөөлөхөөр захирамж гарсан бүх дүүрэгт газар чөлөөлөлтийг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллана. 

Дашрамд дурдахад, НИТХ-аас тогтоол гарган улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий 32 газрыг нийтийн эдэлбэрт хамруулсан юм. НИТХ-аас анх 2009 онд 54 байршлын 25104.64 га газар, 2010 онд 32 байршлын 34.8 га газар нийт 86 байршилд эдэлбэр газрыг тогтоож байжээ.