Нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобус нэвтрүүлэхийг Засгийн газар дэмжлээ. Ингэснээр 1046 автобусны жилд ялгаруулдаг хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор арилан, агаарын чанар сайжирна гэж албаныхан үзжээ. Гэхдээ эдгээр автобус хэзээнээс хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байна.

Энэ нь Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Төслийн хүрээнд долоон дэд системийг хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто бааз байгуулан, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гурван авто баазыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Төсөлд 854 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд концессоор хэрэгжүүлэх учир Засгийн газар ямар нэг санхүүжилт, баталгаа гаргахгүй юм байна.  Харин төслийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.

Сонирхуулбал, нийслэлийн хэмжээнд 88 чиглэлд 950 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.