СХД-ийн 22-р хороонд баригдах Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Нийтийн тээврийн автобус парк төслийн барилгын шав тавих ёслол боллоо.

Энэхүү парк нь 110 автобусны багтаамжтай бөгөөд 2020 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.  

Мөн цаашид нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобуснуудаар парк шинэчлэл хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Нийслэлийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлтэд нийцсэн шинэ чиглэл бий болгох, нийтийн тээвэрт байгальд ээлтэй эко автобус, троллейбусыг нэмэгдүүлэх зорилтууд тусгасан байна.

Эдгээр зорилтуудыг нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусгасны нэг нь уг бүтээн байгуулалт юм.

Нийтийн тээврийн уг автобус паркийг 4.7 га газарт нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс 2018 онд таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болжээ.

Эхний ээлжид уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих бол цаашид оношилгоо, иргэдэд үйлчлэх төв, засвар үйлчилгээний төв, дулаан грашийн барилга, байгууламжуудыг барихаар төлөвлөсөн байна.

Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн 93 чиглэлд, их, дунд багтаамжийн 943 автобус үйлчилгээ үзүүлдэг юм.