Хотын даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ оны Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа.

Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн нийт 93 чиглэлд, 19 ААН, байгууллагын угсраа, их, дунд багтаамжийн 943 автобус үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Мөн автобусны зорчигч, урсгал эрэлтийн судалгаанд үндэслэн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг  энэ сарын 20-ноос эхлүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт болон гомдол хүлээн авах мэдээлэл бүхий зурагт хуудсыг их, дунд багтаамжийн автобус, троллейбуснуудын гадна, дотор талд байрлуулах ажлыг хийж байгаа юм.

Сонирхуулбал, энэ сарыг дуустал автобус, такси болон ажилчдын автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэг, оношилгоог хийж байна. Энэхүү техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, үүсэх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.