ХУД-ийн 10-р хороонд шинээр баригдсан орчин үеийн дэвшилтэд технологи бүхий цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон томоохон бүтээн байгуулалт төдийгүй Турк улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсын HNC компани барьсан байна.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хотын баруун өмнөд хэсэг болох Нисэх, Яармагийн суурьшлын бүсийн 160 мянга орчим айл өрх, ААН-ын бохирыг дэвшилтэд технологиор бүрэн боловсруулах гэнэ.

Тус бүсийн хуучин цэвэрлэх байгууламжийн ачаалал нь хэтэрсэн байсан бөгөөд хоногт 2000 метр.куб бохир ус хүлээн авдаг байжээ. Харин шинэ байгууламж хоногт үүнээс 10 дахин их буюу 20 мянган метр.куб бохирыг хүлээн авч бүрэн боловсруулах юм байна.

Үүнээс гадна уг байгууламж нь төв цэвэрлэх байгууламжийн дараа орохуйц хүчин чадалтай төдийгүй анхны битүүмжлэлтэй цэвэрлэх байгууламж гэдгээрээ онцлогтой юм.

Ялангуяа орчин үеийн дэвшилтэд технологиор тоноглогдсон бөгөөд бохир ус лагийг бүрэн боловсруулж метан хий гарган түүгээрээ дотоод байгууламжийн дулааныг бүрэн шийдэх технологитой байна.

Байгууламж 11 төрлийн 14 барилгаас бүтсэн бөгөөд долоон давхар шүүлтүүртэй, бохир ус, лагийг бүрэн автоматоор хэт ягаан туяа, химийн аргаар 98 хувь цэвэрлэж, боловсруулсан усыг техникийн зориулалтаар, лагийг хөрс бордоонд бүрэн ашиглах боломжтой гэнэ.

Дашрамд дурдахад, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Дэд төвийн хүрээнд хоногт 400-500 метр.кубийн чадалтай цэвэрлэх байгууламжийг энэ сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.