Бид тоймлоё, Та унш

2019.10.08 Мягмар                                              15°C  2,667.70  Эрч хүч ихэснэ

Чухлыг тоймлоё 


Шахмал түлшний шинжилгээний хариу гарлаа 

Шинжилгээгээр шахмал түлш стандартын шаардлага хангасан иргэд химийн бодист хордоогүй, угаартсан гэх дүгнэлт гарчээ. Гэхдээ шахмал түлшний дээжийг Солонгос, Орос, Хятад руу шинжилгээнд явуулаад байна. 

Мэдэгдэлтэй зэрэгцэн дахин 1 хүн нас барлаа 

Албаныхан дээрх мэдэгдлийг хийж байхтай зэрэгцэн 28 настай эмэгтэй угаарын хийнд хордож, амь насаа алдлаа. Мөн нас барсан эмэгтэйтэй хамт байсан 2 хүний 1 нь ухаангүй, нөгөө нь босож чадахгүй байдалтай эмнэлэгт хүргэгдээд байна.

Иргэд яагаад угаартаад байна вэ?  

Албаныхны мэдээлснээр зуухаа буруу байрлуулах, түлшээ буруу хэрэглэсэн, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдсан, тагийг нээлттэй орхисон, сойлтыг нь тулгаж түлхсэн байх магадлалтай гэнэ. Гэвч мэргэжилтнүүд “Шахмал түлшний найрлагад орсон бодис хорт нэгдэл ялгаруулж байх магадлалтай. Хэрэв тийм бол агаарт тархаж, бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэжээ. 


3х3 багийнхан дэлхийн гран прид түрүүллээ

Энэ нь Азийн баг дэлхийн гран прид түрүүлсэн анхны тохиолдол бөгөөд манай баг Серби, Оросын багийг хожсоноор шигшээд шалгарсан байна. Дараа нь Словенийг хожсоноор анх удаа дэлхийн гран прид түрүүлж, Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ авч, $15 мянгаар шагнуулсан юм. Мөн багийн ахлагч Д.Дэлгэрням үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртжээ. 


Ерөнхий сайд Казахстанд айлчилна 

Айлчлал 10/10-нд эхэлж, 2 хоног үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Казахстаны ЕС-тай албан ёсны хэлэлцээр хийж, 2 орны харилцааг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэнэ. Мөн улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.


Харласан иргэдийг буцаах журамд өөрчлөлт орлоо

Ингэснээр Солонгост харласан иргэд 10/21-с эхлэн нутаг буцахаасаа 3-15 хоногийн өмнө Цагаачлалын газарт мэдэгддэг боллоо. Мэдэгдлээ өгөхдөө гадаад паспорт, тийзээ хураалгах ба энэ хугацаанд харласан иргэнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа эсэхийг шалгах юм. Энэ нь гадны иргэд гэмт хэрэг үйлдчихээд хил давж зугтахаас сэргийлэх зорилготой ба өмнө нь харласан иргэд нутаг буцах өдрөө хүсэлт гаргадаг байжээ.


Хойд Солонгос хэлэлцээр хийхгүй

Тэд Америкийг дайсагнасан бодлого хэрэгжүүлж байна гэж үзэн цаашид цөмийн хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдлээ. Тэд 7 сарын хугацаанд завсарласан цөмийн хэлэлцээрээ 10/5-нд Шведэд үргэлжлүүлсэн боловч Америкаас болж хэлэлцээр бүтэлгүйтсэн гэнэ. Харин Америк эсрэгээрээ хэлэлцээр амжилттай болсон, 14 хоногийн дараа дахин уулзана гэсэн юм. Хойдын тал Америк эдийн засгийн хоригоор өөрсдийг нь дарамталж байгаа гэж үзсэн байна.

Таны сонорт


Сурагчдын амралт 10/28-аас эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр