УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн ч НӨАТ төлөгчийн өсөлт төдийлөн их биш байгаа юм. Иймд буцаан олголтын хувийг нэмэгдүүлж, далд эдийн засгийг бууруулах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

НӨАТ-ын тухай хуулийг 2015 онд баталсан ба сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг байна. Тухайлбал, татварын алба энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 313.7 тэрбум төгрөгийг НӨАТ-аас төвлөрүүлжээ. 

НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.

Дэлхийн орнуудад НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг бөгөөд Солонгост үнийн дүнгийн 10 хувь, Люксенбургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Шведэд 25 хүртэлх хувийг буцаан олгодог юм.