Шинжлэх ухааны хөгжлийг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны анхдугаар чуулган энэ сарын 23, 24-нд “Тархи судлал ба 21-р зуун” сэдвээр зохиогдохоор болжээ.

Чуулганд Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон Нейросайнс олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох юм.

Тухайлбал, энэ сарын 24-нд Төрийн ордны Их танхимд болох хүндэтгэлийн лекцэд дээрх эрдэмтэд дараах лекцийг олон нийтэд үнэ төлбөргүй тавих юм.

  • Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер “Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд” сэдвээр,
  • Нейросайнс шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма “Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал” сэдвээр,
  • Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти “Тархи судлал 21-р зууны тэргүүлэх шинжлэх ухаан” сэдвээр лекц унших юм.

Мөн Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, Орос, Хятад зэрэг есөн орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд “Тархи судлал ба 21-р зуун” эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц тавих юм.