Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх Ногоон зээлийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, арилжааны гурван банктай байгууллаа.

Арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр зээл гаргаж байгаа тохиолдолд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зээлийн хүүгийн есөн хувьд татаас өгөхөөр болсон байна. Ингэснээр нийт гурван тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу иргэн Төрийн банк, Хас, Хаан банкнаас сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой боллоо.

Зээлийг зөвхөн иргэнд олгох ба тус зээлээр халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон зэргийг авах юм. Ногоон зээлд дунджаар 33 мянган өрх хамрагдах боломжтой гэж тооцоолсон ба эхний ээлжид Гандангийн дэнжид амьдарч буй 2000 орчим өрхөд хөнгөлөлттэй зээл олгох гэнэ. 

Банкууд өөр өөрийн шалгуураар зээлийг олгох бөгөөд зээлээр олгох бүтээгдэхүүний нийлүүлэгчдээс чанар, аюулгүй байдлын урт хугацааны баталгаа шаардах юм. 

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах үүднээс хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн юм.