Ноход бусад амьтдаас ухаантай биш гэдгийг Эксетер, Кантербуригийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Судлаачид нохой, муур, чоно, шимпанзей зэрэг амьтдын мэдрэхүй, үйл хөдлөл, орон зайн мэдрэмж, нийгэмших байдал, ухамсар зэргийг туршиж үзжээ.

Үүнд хүний зааврыг дагахдаа далайн гахай, далайн хав, гахай илүү байсан бол чоно, муур, элбэнх хоолны саваа онголгох үйлдлийг чадварлаг гүйцэтгэж байсан аж.  

Харин ноход орчин тойрныхоо зүйлсийг танин мэдэхдээ дундаж, хүний заавраар нийгэмшихдээ дундаас дээгүүр байжээ. Мөн орон зайн баримжаагаа олохдоо сайн үнэлгээ авсан ч бусад амьтдаас илүү гараагүй байна. Гэтэл муурнууд нуусан эд зүйлс олохдоо сайн байжээ.

Эрдэмтэд олон жилийн турш нохдын үнэрлэх мэдрэхүй хамгийн сайн хөгжсөн гэж үзсээр ирсэн ч энэхүү судалгаанд гахайнууд илүү үнэрч амьтад гэдгийг тогтоосон байна. Мөн морьдын хүнтэй харилцах чадвар ноходтой ижил байсан гэнэ.

Эх сурвалж: Dailymail, abc11