Уисконсин муж улсын Уэст Бэнд хотын оршин суугч 48 настай Грег Мантуфель ховор төрлийн цусны халдварын улмаас дөрвөн мөчөө тайруулжээ.

Тэрээр өнгөрсөн сард халуурч, бөөлжих, гүйлгэх зэрэг ханиадны шинж тэмдэг илэрснээс болж эмнэлэгт хэвтсэн байна.

Гэтэл шинжилгээгээр “капноситопага” гэх халдвар авсан нь тогтоогджээ. Энэ нь дархлааны системийг муутгадаг ба халдвараар өвчилсөн нохойд хазуулсан, эсвэл нохойд ойр байсан хүнд халддаг байна.

Халдвраас болж Грег Мантуфелийн цусны даралт унаж улмаар дөрвөн мөч нь харлаж эхэлсэн байна. Тиймээс хөл болон гарын шууг нь тайрахаас өөр аргагүйд хүрчээ.

Халдвар авсан хүний нохойд хазуулсан шархыг тойроод цэврүү үсрэх, улайх, хавдахаас гадна халуурах, гүйлгэх, бөөлжих, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрдэг гэнэ. Америкийн өвчний хяналтын төвийн мэдээлснээр уг халдврын шинж тэмдэг 3-14 хоногт илэрдэг ба заримдаа 72 цагт илэрч болдог байна.

Энэ талаар халдварт өвчин судлаач, доктор Силвиа Муноз Прайз, "Түүний цусан дахь халдвар биед нь маш аюултай нөлөө үзүүлсэн. Гэхдээ нохой тэжээдэг хүмүүсийн нэг хүрэхгүй хувь нь л уг халдвараар өвчилдөг” гэв.

Харин 2014 онд Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар 109 нохойны 76, 104 муурны 57 нь тус халдварыг тээж байжээ.

Грегийн эхнэр Даун мантуфель хэлэхдээ, “Нөхрийн маань бие яг л зодуулсан мэт бүхэлдээ хөх няц болж эхэлсэн. Одоо түүний ямар эрхтэнг тайрах вэ гэдгээс илүү эрүүл эрхтэн үлдсэн эсэх нь чухал байна” гэжээ.

Эмч нарын хэлж байгаагаар Грегийн биеийн бүх хэсэгт халдар тархсан бөгөөд удахгүй хиймэл хамар хийх хагалгаанд орох гэнэ.

Эх сурвалж: Fox news, Daily mail