МАХН-ын II-р ээлжит чуулган Мягмар гарагт хуралдаж Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотойгоор тогтоол гаргажээ.

Уг тогтоолд өнгөрсөн сарын 22-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан нь үндсэн хуульд заасан иргэдийн сонгох эрхийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл гэж үзжээ.

Тиймээс МАХН-ын зүгээс үүнийг эрс эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ээлжит бус чуулган зарлаж, яаралтай хэлэлцэн, нөхөн сонгуулийг товлосон хугацаанд явуулах шаардлагыг УИХ-д өглөө.

Шаардлагад Хэнтий аймгийн 17 мянган иргэний төлөөлөл дөрвөн мянга гаруй иргэний гарын үсгийг хавсаргасан байна.

“Нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан С.Мөнхцэцэг гэгч нь МАН-ын төлөөлөл, Хэнтий аймгийн Боловсролын газрын дарга төдийгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бие хамгаалагч “Х” гэгчийн хадам ээж” гэж МАХН-ын Хэнтий аймгийн хяналтын дарга С.Ононбаяр хэллээ.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг ноцтой зөрчсөн захиалгат шийдвэр гаргасан нь үүргээ биелүүлэх чадамжгүй хараат этгээдүүд гэж үзжээ.

Сануулбал, Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгууль зарласан “УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж өнгөрсөн сарын 22-нд шийдвэрлэснээр сонгууль хойшлох болсон юм.

Хэрэв УИХ цэцийн шийдвэрийг 10 сарын долооноос өмнө хэлэлцэхгүй бол нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сард явагдах юм.