Хотын дарга С.Амарсайхан ХУД-ийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий 2194 ам.метр газрыг эзэмшиж буй Номин холдинг компаний газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.

Ийнхүү тус газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ХУД-ийн Засаг дарга нарт даалгасан байна.  

ХУД-ийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд Номин холдинг компани барилга барих гэж байгааг оршин суугчид эсэргүүцсэн юм. Улмаар хотын захиргаанд хандсанаар хотын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцжээ.

Үүнээс гадна ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хөрөнгийн биржийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй Улаанбаатар капитал ББСБ компаний эзэмших эрхийг цуцалжээ. Улмаар газрыг зориулалтын дагуу ашиглахаар болсон байна.