Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдааг зохион байгуулна.

Дуудлага худалдаа гурав дахь жилдээ зохиогдож байгаа ба энэ сарын 22, 23-нд Сүхбаатар аймгийн төвд, 24-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохиогдох юм.

Иймд малчид хоршоод болон үндэсний үйлдвэрүүдийг ноолуурын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьсан байна. Энэхүү дуудлага худалдаа нь заах зээлд ноолуурын бодит үнэ тогтоох зорилготой юм.

Сонирхуулбал, ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ хоёрдугаар сарын байдлаар Дорнод аймагт хамгийн их буюу 100 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 60 мянган төгрөг байна.

Мөн Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 44 мянга, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30-42 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.