Засгийн газрын хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахдаа ангилал ахиулан дархан цаазат болгох юм.

Учир нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан боловч 12 лиценз олгосон байна. 

Мөн тус хамгаалалтад авахаас өмнө 359.7 га газарт алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс хойш нийт долоон тусгай зөвшөөрлийг нэмж олгосон юм. Тиймээс улсын тусгай хамгаалалтад авсан газар лиценз олгосон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ба одоогийн байдлаар хууль зөрчин лиценз олгосон байх магадлалтай байна. 

Ноён уул орчимд Пурам, Гацуурт, Сентерра гоулд, Сон гоулд, Лучерра гэсэн таван ААН-д 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм. 

Ноён уул нь бүхэлдээ соёлын өв гэж эрдэмтэд үздэг ба Ноён уулын булшийг 1924 онд анх нээн малтсанаас хойш 90 жилийн хугацаанд нийт 1500 шахам булш бүхий, Хүннүгийн язгууртны оршуулгын долоо газрыг судалсан байна. 

Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухал олдворууд нь одоо Оросын Эрмитаж музейд хадгалагдаж байна.