Засгийн газрын хуралдаанаар Ноён Уул орчмын газар, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Уг тогтоолын төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Ингэснээр байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10.483 га талбайгаар нэмэгдэх юм.

Мөн Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах гэнэ. 

Үүнээс гадна хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшийг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Ноён уулын 11187.05 га газрыг 2015 онд,Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сум дахь 650.0 га газрыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Тус уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэх гурван  аманд нийт 230 орчим Хүннү булш байдаг юм.