НҮБ-ын Ерөнхий асамблейн хурлаар Венесуэл улс Коста Рикаг 105-96 саналын харьцаагаар ялж Хүний эрхийн комиссийн гишүүн боллоо. Үүнийг Венесуэлийн гадаад хэргийн сайд Жорже Арреаза Америк болон холбоотнуудын сөрөг ухуулгыг үл тоон гаргасан түүхэн шийдвэр гэжээ. 

Харин хүний эрхийн байгууллагууд болон Америкийн тал уг сонгуулийг НҮБ ба Венесуэлийн иргэдийг дорд үзсэн явдал гэж дүгнэсэн байна. 

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет өнгөрсөн долдугаар сард Венесуэлийн засгийн газрыг халдварт өвчинтэй тэмцээгүй, олон улсын хүнсний тусламжийг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж шүүмжилжээ. 

Мөн Венесуэлийн арми иргэдийг эрүүдэн шүүж, хуулиас гадуур амийг нь хороох зэргээр хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн юм. Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг нэг талыг барьсан, тодорхой бус мэдэгдэл гэжээ. 

Венесуэлийн 4.5 сая гаруй иргэд эдийн засаг, нийгмийн хямралаас болж эх орноосоо дүрэвсэн юм. Мөн тус улсын Засгийн газрын эсрэг тэмцэгчид, сэтгүүлчид, хүний эрхийн идэвхтнүүд шоронд ордог байна. 

Хүний эрхийн комисс өмнө нь хүний эрхийг зөрчдөг Лив, Судан, Куба, Саудын Араб, Хятад, Орос, Индонез улсыг гишүүнээр сонгож байсан юм. Харин Израилийг гишүүнээр сонгохыг удаа дараа татгалзсан учир Америк өнгөрсөн оны зургадугаар сард хоёр дахь удаагаа Хүний эрхийн комиссоос гарчээ. 

Эх сурвалж: The guardian, CNN