Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг ирэх Даваа гарагт Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүүхдийн сангийн Generation Unlimited олон улсын байгууллагын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэх гэнэ.

Хүүхдийн сан 10-24 насны хүүхдүүдийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор тус байгууллагыг санаачилсан юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р хурлын үеэр болох уг үйл ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенритта Фор, Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жун Сүг нарын албаныхан оролцоно.

BTS хамтлаг өнгөрсөн онд Хүүхдийн сангийн Өмнөд Солонгос дахь хороонд элсэж олон улсын хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэн Love Myself цомгоо гаргажээ. Улмаар цомгийн борлуулалтаасаа нэг сая гаруй долларыг тус санд хандивласан байна.

Эх сурвалж: CNN, Billboard