Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-аас эхлүүлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг зургадугаар сарын 30-нд явуулахаар боллоо.

Сонгуулийн зардлын хэмжээг 287.614.335 төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Эдгээр шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах юм.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард “Н” гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, 2018 оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгууль явагдах болсон юм.

Улмаар УИХ-ын 62-р тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийг 10 сарын долоонд товлосон байсан ч нэр бүхий хуульчид үүнийг хуулийн зарим заалт зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан. Цэцийн дүгнэлт нөхөн сонгууль зарлах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж гарснаар хойшилсон байдаг.