Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэлээ.

Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 14 нам ирүүлсэн бөгөөд ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан байна. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзжээ.

Учир нь ИЗНН нь 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна. Харин бүртгэгдсэн намуудад батламж гардуулах юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард “Н” гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм. Улмаар энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийг 10 сарын долоонд товлосон юм. Гэвч нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан юм.

Цэц энэ асуудлыг дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон ч хурлын тов зарлагдаагүй байна. Хэрэв Цэцийн шийдвэр гомдол гаргасан хуульчдын талд гарвал аравдугаар сард товлосон нөхөн сонгууль хойшлох юм.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намууд,

  1. МАХН                  
  2. ХҮН
  3. АН
  4. Дэлхийн Монголчууд нам
  5. Үнэн Ба Зөв нам
  6. МАН                                    
  7. Монголын Ногоон нам
  8. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  9. Монгол үндэсний ардчилсан нам
  10. Зон олны нам
  11. Монгол консерватив нам
  12. Ард түмнээ хайрлая нам
  13. Бүгд найрамдах нам