Аравдугаар сарын долоонд товлогдсон Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Одоогийн байдлаар МАХН, ХҮН, АН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв намууд сонгуульд оролцох шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

Хуульд заасны дагуу нам эвслүүд сонгуульд орoлцох хүсэлтээ наймдугаар сарын наймнаас өмнө ирүүлэх ёстой юм. Улмаар нам эвслийн баримт бичгийг хүлээн авснаас тав хоногийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд бүртгэх эсэхийг хурлаараа шийдвэрлэдэг байна.

МАН-ын хувьд өчигдөр болсон бага хурлынхаа үеэр гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн сонгуульд оролцоно гэж шийдвэрлэсэн ба өнөөдөр шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэсэн юм.

Гэхдээ нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Учир нь нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын 62-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан юм.

Улмаар энэ асуудлыг Цэц дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон ч хурлын тов зарлагдаагүй байна. Хэрэв Цэцийн шийдвэр гомдол гарсан хуульчдын талд гарвал аравдугаар сард товлосон нөхөн сонгууль хойшлох юм.