Бид тоймлоё, Та унш

2019.02.28 Пүрэв                                                 3°C   2,635.80  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Эрдэнэтийн 49%-тай холбоотой тэмдэглэлийг нууцаас гаргалаа

Ингэснээр Монголын зэс корпорацийн 49%-г худалдаж авсан санхүүгийн баримт, ХХБ-тай ямар холбоотой зэрэг чухал мэдээллүүд ил болох гэнэ. Өөрөөр хэлбэл Монголын Зэс 2016 онд 49%-г Оросын талаас ₮900.2 тэрбумаар авахдаа ХХБ-аас хууль бусаар зээл авсан гэх Цэцийн дүгнэлт батлагдах юм.

Юун зээл? Яагаад хууль бус гэж…

Байгуулагдсан цагаасаа хойш 1 ч үйл ажиллагаа явуулаагүй Монголын зэсд 49%-г худалдан авах ₮900.2 тэрбумыг ХХБ гаргаж өгсөн байдаг. Гэвч тухайн үед ХХБ-ны өөрийн хөрөнгө ₮745 тэрбум байсан бөгөөд зөрүү ₮155.2 тэрбум нь тус банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байршуулсан мөнгө байх өндөр магадлалтай талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. ХХБ энэ асуудлаар одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Монголын зэс 49%-г Сингапурт зарах гэж оролдов

Эрдэнэтийн 49%-г улс авах уу, хувийн компанид үлдэх үү гэх асуудлаар хуулийн байгууллага маргалдаж, эцэслэн шийдэгдээгүй байхад Монголын зэс өөрийн бүх эрх мэдлээ Сингапурын компанид шилжүүлсэн юм. Тус компаний зүгээс үүнийг эрс няцааж, зараагүй хэмээн “гүрийж” байсан ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 88 хуудас материалаар зарах гэсэн нь нотлогдсон байна. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр одоогоор 100% Монголын мэдэлд байгаа ч хэзээ 51/49-р нь алдахыг таашгүй.


Тусгай сангуудыг цэгцэллээ

Сангуудад хийсэн шалгалтад үндэслэн 7 санг татан буулгаж, 3 санг нэгтгэж, 3-ынх нь үйл ажиллагааг сайжруулахаар боллоо. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, ЖДҮХС-г нэгтгэн, Эрсдэлийн сан, ЗГ-ын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэргийг татан буулгалаа. Ийнхүү 29 тусгай сан 15 болж байна. Тусгай сангуудад хийсэн шалгалтаар зээлийн хэмжээг хэтрүүлдэг, ААН-д давхардуулан олгодог, зээлийн эргэн төлөлт хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.


Майдар эргэх” цаг

Дагуул хот болгохоор шийдвэрлээд буй Их майдар төслийн үйл ажиллагаатай ажлын хэсгийн гишүүд танилцлаа. Уг төсөл 4 үе шаттай бөгөөд эхнийх нь 2030 онд хэрэгжиж 100 мянган хүн амьдрах боломжтой болно. Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс 9 м өндөр Майдар бурхны хөшөөтэй гэх уг төслийг $40 тэрбумаар хэрэгжүүлэх юм.


Дүрвэгч хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг

Дүрвэгчдийг хариуцсан Америкийн ажилтнууд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол 2014-2018 онд 5703 ирсэн байна. Трамп 2018/6 сард дүрвэгч хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлах шийдвэр гаргаснаар хүүхдүүд ажилтнуудын хяналтад байх болсон юм. Гэвч тэд насанд хүрээгүй хүүхэдтэй дотно харьцаанд орж, биед нь хамаагүй хүрч, порно бичлэг үзүүлдэг байсан гэнэ.


Хятад Хойд Солонгос руу архи нийлүүлэх гэж байжээ

Голландын гаалийн газар Хятадын усан онгоцноос Хойд Солонгос руу тээвэрлэж байсан 90 мянган шил архийг хураалаа. Энэ нь НҮБ, ЕХ, Америк, Хятад зэрэг орнуудын Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчсөн явдал гэнэ. Хойд Солонгосын удирдагч Ким 2011 оноос хойш Хятадаас $4 тэрбумын тансаг зэрэглэлийн бараа худалдан байна.

Таны сонорт


Image result for sun icon Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр