Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад хийх айлчлалынхаа хүрээнд Бүс ба зам чуулга уулзалтад оролцож, төгсгөлд Таншань хотын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр тус боомтын төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцсан юм.

Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь энэхүү боомтыг ашиглах явдал байсныг Ерөнхийлөгч онцолж, манай улс нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах том боломжтой гэдгийг дурдлаа.

Ялангуяа манай улс нүүрсээ хил гаргаж зарах уу эсвэл боомт руу гаргах уу гэдгийг судалж буй энэ үед энэхүү боомтын зах зээлд коксжсон буюу Тавантолгойн нүүрс эрэлттэй байдаг гэнэ.

Ингэхдээ ирэх сарын нэгнээс баригдах шийдвэр нь гарсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар дамжуулан нүүрсээ Цаофэйдянь боомтод хүргэх бөгөөд энэ зунаас уг боомтоор туршилтын ачаа тээврийг явуулахаар төлөвлөжээ.

Монгол, Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх 1991 оны хэлэлцээрт 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж Хятадын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монголд ашиглуулахаар тохиролцсоны нэг нь энэхүү боомт юм.

Цаофэйдянь боомт нь Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц бөгөөд жилд 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай байна.

Зураг: Ерөнхийлөгч