Бид тоймлоё, Та унш

2019.03.06 Лхагва                                           7°C   2,634.80  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё


Эрдэнэтийн 49%-н “жинхэнэ эзэн” Эрдэнэбилэгийг баривчиллаа

ХХБ-ны 93%-н хувьцааг эзэмшигч “сахал” Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэсийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилж, байцаалт авлаа. Тэднийг Эрдэнэтийн 49%-тай холбогдуулан шалгаж байгаа ба хэрэг бүртгэл нээсэн байна.

Тэднийг цагдан хорьсон уу?

Албаныхны зүгээс ямар ч мэдээлэл өгөлгүйгээр байцаалт дууссаны дараа тэднийг машинд суулган авч явсан. Ийнхүү тэднийг хааш нь авч явсан нь тодорхойгүй ч албан бус эх сурвалжууд “байцаалт авсны дараа гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн, цагдан хорьсон” гэх мэдээллийг өгсөн юм.

Монголын зэсийнхэн баримт дэлгэнэ

Тэд уг “баривчилгааг тавилттай жүжиг гээд улсаас нэг ч төгрөг аваагүйг нотолсон баримт нийтэд дэлгэнэ” гэлээ. Гэвч нууцаас ил гарсан материалд Эрдэнэтийн 49%-г худалдаж авсан хөрөнгийн 72.4%-г улсаас буюу Монголбанк, Аж үйлдвэрийн яам, Хөгжлийн банкнаас гаргасан баримт нь байгаа юм. Ямартай ч өдөрт ₮5 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эрдэнэтийн 49%-г луйвардаж авсан гэх эрхмүүдийг ийнхүү дуулиантайгаар шалгаж эхэллээ.


Манай улс хамгийн хямд интернеттэй

Энэтхэг, Киргизстан, Казахстан зэрэг улсын 1gb дата хамгийн хямд буюу $1-с бага бол Зимбабве, Гвиней, Сайнт Хелена зэрэг орнуудынх $55-75 байдаг гэнэ. Харин манай улсад $0.82 байдаг ба үүгээрээ дэлхийн 230 орноос 8-т бичигдсэн байна. Сонирхуулахад Венесуэл, Хойд Солонгос, Өмнөд Судан зэрэг 10 оронд интернет сүлжээ огт байдаггүй гэнэ.


Нөхөн сонгуулийн зардлыг тогтоов

Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох нам эвсэл хамгийн ихдээ ₮113.4 сая, нэр дэвшигч ₮96.5 саяын зардал гаргах шийдвэрийг Аудитын газар гаргалаа. Зардлын хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэр, хүн ам зэргийг харгалзан тогтоодог байна. Хэнтийн нөхөн сонгууль 6/30-нд товлогдсон ба сонгуулийг ₮287.6 саяар явуулах юм.


Ховд аймагт хаваржилт хүндэрчээ

Тус аймагт 2-р сараас хүйтэрч 5-20 см цастай байгаагаас үүдэн 13 суманд хаваржилт хүндэрчээ. Хүйтний эрч чангарснаас болж зарим сумын мал бэлчээрт гарах боломжгүй байгаа ба аймгийн өвс, тэжээлийн нөөц дууссан байна. Иймд 3.1 сая гаруй мал хаваржиж буй Ховд аймагт Улсын онцгой комиссоос өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.


Шар хантаазтанууд ялгадас шидэв  
Францад болж буй шар хантаазтануудын жагсаал 5 дахь сардаа үргэлжилж байгаа ба 3/2-ны жагсаалд 40 мянган хүн оролцсон байна. Тэд цагдаа нарын өөдөөс ялгадастай уут шидсэн ба 3 цагдаа оногдож 1 нь гэмтжээ. Жагсагчид шатахууны үнийг бууруулах, цалингийн доод хэмжээг нэмэх, ерөнхийлөгч Макроныг огцрох зэргийг шаардаж байгаа юм. Шаардлагын дагуу Макрон шатахууны үнийг бууруулж, цалин нэмэх шийдвэрийг 12 сард гаргасан ч жагсаал үргэлжилсээр байна.

Таны сонорт


Image result for mites icon Хачгийн идэвхтэй үе эхэлж байгаа тул хачгаар дамжих халдвараас сэргийлээрэй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр