Манай улс  уг өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын Хараагүйчүүдын үндэсний холбоо, Эрүүл мэлмий ТББ хамтран маргааш улсын хэмжээнд үнэгүй үзлэг хийх гэнэ. Үзлэгийг хувийн болон улсын бүх эмнэлгүүд хийх юм.

ДЭМБ-н тооцоолсноор дэлхийд сохрол болон сул хараатай 253 сая хүн байгаа ба үүний 80 хувь нь хөгжиж буй орны иргэд гэнэ. Мөн хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотойгоор чихрийн шижингийн шалтгаант сохролын тохиолдол ихсэх хандлагатай байгаа юм.

Манай улсын хувьд 2014 оны судалгаагаар 50 мянган хүн сохрол, дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалттай гэх дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэний 11 мянга нь харааны бэрхшээлтэй байгаа юм. Эдгээрийн 3159 нь төрөлхийн, 6058 нь өвчин ба гэмтлийн улмаас хараагаа алдсан байна.