Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих Шинэ гэр төслийн нээлт боллоо. Уг төсөл СХД-ийн 23-р хороонд хэрэгжиж байгаа ба Америкийн Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, Сайн учрал сан, Дэзэрэт ОУЭБ, Наян зургаан мянга дөрвөн зуу ТББ хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой юм.

Шинэ гэр төсөл нь энэ сараас эхлэн 23-р хороонд хэрэгжиж байгаа ба Бригам Янгийн их сургуулийн инженерийн тэнхимийн багш, зөвлөх оюутнууд өнгөрсөн жилээс судалгаа хийж, Монголын нөхцөлд тохирсон инженерийн, дэвшилтэт шийдэл олохоор ажилласан байна.

Судалгааны хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьж өгөх, нэг айлд дулаахан шинэ загварын гэр сууц барих ажлыг гүйцэтгэжээ. Цаашид 100 айлд гэрийн дулаалга хийх, халаалт тавих, 20 айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

Нэг гэрийг халаах дулаан зарцуулалтын төлбөр нь хайруулын тавгийг нэг цаг ажиллуулахаас бага зардалтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Мөн хүн бүр ашиглахад хялбар байхаар тооцож ханын эсгий давхаргуудын хооронд дулаан хадгалагч, тусгаарлагч нэмэх, шалны модон дор дулаалга суурилуулах, нүүрс шатаадаг зуухны оронд цахилгаан халаагуур тавихаар төлөвлөжээ.

Сануулбал, Улаанбаатарт байгаа 220 мянган гэр хорооллын айл өрх ганцхан өвөл дунджаар 1.2 сая тонн нүүрс түлдэг байна.