Энэ сарын зургаанд говийн аймгийн өмнөд, зүүн аймгийн хойд хэсгээр, долоонд баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн хойд хэсгээр, найманд төв, зүүн, говийн аймгийн ихэнх, есөнд говь болон зүүн аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи зургаанд Алтайн салбар уулсаар, есөнд зарим газраар секундэд 12-14 метр, долоонд баруун, төв, говийн аймгийн нутгаар, найманд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 

Долооноос баруун болон төвийн аймгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус хүйтэрнэ.

Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус байна. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэрнэ.