Энэ сарын найманд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Даянхаан зоогийн газарт зохион байгуулсан хүлээн авалтад орсон 20 гаруй хүн хоолны хордлогод орсон юм. Үүнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, нийт 28 нэр төрлийн сорьцийг лабораторид шинжлүүлсэн байна. 

Гэвч хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогджээ. 

Даянхаан зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй ба одоогоор үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн хэрэг нээгээд байна. Мөн хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалсан дэлгүүрт хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байгаа юм.