Шинэчилсэн 13:26- АТГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн хоёр газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.

АТГ-аас явуулсан шалгалтаар НЗДТГ болон түүний харьяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтны 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, НЗДТГ-ын газрын дарга Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нар орон сууц, автомашин, орлого зэргээ мэдүүлээгүй байжээ. Иймд тэднийг 2018.12.28-нд хуульд заасны дагуу ажлаас нь халах, хариуцлага тооцуулах бичгийг НЗДТГ-т хүргүүлсэн ч шийдвэрлээгүй байна.

Учир нь тэднийг ажлаас халахын оронд цалингийн хэмжээг нь гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байжээ. Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл тул хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх албан бичгийг НЗДТГ-т дахин хүргүүллээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь:

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1001.9 ам.метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлээгүй,
  • Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй 5.5 сая төгрөгийн үнэ бүхий Toyota harrier маркийн автомашиныг мэдүүлээгүй,
  • 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй,
  • Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкан дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлээгүй,
  • Өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг Дөлгөөн барс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн ч орлого, зарлагын гүйлгээг нь өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь:

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй,
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй,
  • Төрийн банкан дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлээгүй,
  • 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн,
  • Солид контентс, Аква Монгол ХХК-ын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байна.