Өнөөдрийн чуулганаар төсвийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахаар ханцуй шамлаад байна.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний дуу хоолой болж ганцаараа үлдээд буй О.Баасанхүү гишүүн мэдэгдэл хийлээ. Тэрээр эрх баригч намыхан АН-ыг ажил хаяж хяналтгүй болсныг далимдуулан маш ноцтой хуулийн төсөл батлах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл батлахаар хэлэлцэж байна гэлээ.

Энэхүү хуульд Засгийн газрын шийдвэр, түүнийг биелүүлж буй аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нарын аливаа шийдвэрийг захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн заалт оруулж ирсэн байна.

Энэ нь иргэд төрийн албан тушаалтны эсрэг ямар нэгэн гомдол гаргах эрхгүй болж, дээр нь газрыг албадан чөлөөлөх асуудалд гомдол гаргах эрх нь хаагдаж байгааг дурдлаа.

“Энэ бол луйвар. Уг асуудлаа хойшлуулж АН-ыг орж ирэхээр хэлэлцүүлэх санал гаргасан ч хүлээж авсангүй. Хэрэв энэ хууль батлагдчихвал ард түмэн шүүхээр аливаа асуудлаа шийдүүлэх, хууль шүүхийн тэгш эрхтэй байх эрх нь зөрчигдөж, ардчиллаас бүр мөсөн ухарч байгаа хэрэг болно” гэж О.Баасанхүү гишүүн хэлээ.

Мөн тэрээр төсвийг танах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээж авахгүй байгааг шүүмжилж, ЖДҮ-ийн асуудлаар ганц Б.Батзориг сайд огцрох бус, ЗТХЯ-ны сайд Я.Содбаатар, эрчим хүч тасалдуулсан хэргээр Ц.Даваасүрэн, шатахууны үнээ барьж чадахгүй байгаа УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазарыг У.Хүрэлсүхийн танхимаас явах ёстой гэлээ.

Иймд Засгийн газрыг огцрох шаардлага гаргаад буй АН-ын байр суурийг дэмжиж, огцрох хүртэл шахалт үзүүлэхээ мэдэгдлээ.