Солонгосын Андун хотноо энэ сарын 19-26-нд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн явагдаж, тус тэмцээнд улсын харцага О.Хангай түрүүллээ.

Тэрээр ширым бөхийн 460 гаруй барилдаанд Солонгосын мэргэжлийн тамирчдыг илүүрхэн ялсаар шөвгийн 16-д үлдсэн бол гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлж, Солонгосын ширым бөхийн холбооноос олгодог Дэлхийн ширым бөхийн их аварга цол хүртжээ.

Тус тэмцээнд манай улсаас улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нар оролцож ийнхүү манай улсаас ширым бөхийн дэлхийн аварга төрж байна.

Ширым бөхийн олон улсын тэмцээнд Солонгос, Монгол, Хятад, Испани, Шинэ Зеланд, Оросын Якут, Сахалины нийт 460 тамирчид өрсөлдсөн бөгөөд эдгээр бөхчүүдийн 60 гаруй нь гадаад бөхчүүд байжээ.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгос хамтран үндэсний Ширым бөхөө ЮНЕСКО-гийн Дэлхийн биет бус өвд бүртгүүлсэн юм.

О.Хангайгийн финалын барилдаан

Солонгосын үндэсний бөх ширым бөхийн гадаад бөхчүүдийн барилдаанд улсын харцага О.Хангай Испанийн бөхийг ялж, тус тэмцээнд анх удаа монголын бөх түрүүлсэн юм. Тус барилдааны бичлэгийг үзэж сонирхоорой.

Posted by Koo.mn - Их Спортын Ертөнц on Sunday, November 25, 2018