Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Ням гарагт Буянт-Ухаа спорт ордонд боллоо.

Энэхүү барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Түвшинбаяр, Б.Соронзонболд, улсын харцага О.Хангай тэргүүтэй улс аймгийн алдарт цолтой бөхчүүд зодоглосон юм.

Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, Од группийн бөх улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хемон констракшн ХХК-ийн бөх, аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.

Харин дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, харцага Б.Бат-Өлзий, М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм.

Сануулахад, өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд мөн харцага О.Хангай, аварга Н.Батсуурь нар үзүүр түрүүнд үлдэж, О.Хангай түрүүлсэн юм.

Манай улс 1924 оны 11-р сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, гурван удаа шинэчлэн баталсан бөгөөд хамгийн сүүлд өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 23-нд баталсан түүхтэй.