Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод боллоо. Энэ тэмцээнд манай улсаас МУГТ, Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн тэргүүтэй таван тамирчин хүч үзэв.

Тарасын дэвжээнд манай тамирчдаас 86 кг-ын жинд барилдсан Азийн АШТ-ийн хошой мөнгө, хүрэл медальтай, Цэргийн дэлхийн аварга О.Үйтүмэн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрээр эзэн орны бөх Нурдаулет Коктеубаев, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азамат Даулетбеков, өсвөр үеийн дэлхийн болон залуучуудын Азийн аварга Эльхан Ассадов нарыг ялж, 2014 онд түрүүлсэн амжилтаа дахин бататгаж тус тэмцээний хошой аварга боллоо.

Нийт 75 мянган долларын шагналын сантай, өдгөө зургаа дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Казахстан, Монгол, Тажикистан, Беларусь, Кыргызстан, Узбекистан гэсэн долоон орны 150 гаруй бөхчүүд 10 жинд өрсөлджээ. Түрүү бөх 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 долларын эзэн болсон байна.

Сануулахад, энэ жилийн чөлөөтийн ДАШТ-ээс манай улсын эрэгтэй тамирчид нэг хүрэл медаль хүртсэн юм.