Тус санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Оюутолгой компанийн уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох юм. 

Мөн мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлээр төлөвлөж байна. 

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид, Оюутолгойн гүний уурхайн аврах багтай туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд уурхайн гүнд цуврал сургалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байгаа юм.

Мөн Оюутолгой компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг  байна.

Тухайлбал, Оюутолгойн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн санаачилгаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай зориулалтын Хьюндай Портер загварын автомашиныг хандивласан бол сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой Аврагчдаа аваръя ой, хээрийн гал түймрээс сэргийлэх төсөлд нэгдэж зориулалтын хувцас хэрэгсэл хандивлаж байжээ.