Монгол, Польшийн засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж, ОБЕГ-т гал унтраах 15 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. 

Энэхүү арга хэмжээнд Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Польшоос Монголд суугаа элчин сайд Кишиштоф Бойко тэргүүтэй хүмүүс оролцлоо. 

Эдгээр машин нь гурван сая евро буюу есөн тэрбум төгрөгийн өртөгтэй ба гал НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт олгож байгаа юм. 

Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тонн усны багтаамжтай, секундэд 50 литр ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай зэрэг давуу талтай байна.

Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоногоор тоноглосон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулжээ.

Сануулахад, өнгөрсөн онд гал түймрээс болж 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд байжээ. Эдгээр хүмүүс объектын гал түймрээс болж амь эрстсэн байна.