Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр одонтой ээжүүдийн тэтгэмжийн талаар  мэдээлэл хийлээ.

Тэрээр Нийгмийн хамгааллын тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зургаа болон арван хүүхэдтэй эхэд олгох тэтгэмжийн хэмжээг ялгавартай болгох талаар судалгаа хийж байгаа гэдгийг хэллээ.

Тодруулбал, одонтой ээжүүдийн мөнгийг хүүхдийнх нь тоогоор үе шаттайгаар нэмэх, зарим татвараас чөлөөлөх, орон сууцанд хамруулах зэргийг судалж байгаа гэнэ. Ингэснээр одонтой ээжүүдийн авч буй мөнгийг бууруулах бус эсэргээрээ нэмэгдүүлнэ гэдгийг Г.Өнөрбаяр хэллээ.

Одоогоор нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд адилхан 200 мянган төгрөг олгодог бөгөөд улсын хэмжээнд 218 мянган одонтой ээж мөнгө авдаг байна.

Мөн өнгөрсөн онд дээрх ээжүүдэд жилд нэг удаа нийт 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгосон нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлжээ.