Зураг: president.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Америкт очиж Ерөнхийлөгчийн захидлыг Д.Трампд уламжилсан. Тэрээр Америк руу оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, оффшор дахь хөрөнгийг Монголд оруулахад туслалцаа үзүүлэх асуудлаар Конгрессын гишүүдтэй уулзсаныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл З.Энхболд айчлалаасаа ирж, ажлынхаа сонинг дуулгалаа.

Оффшор дахь хөрөнгийг эх орондоо оруулах асуудлыг Америк ‘хоёр гараа өргөөд дэмжинэ’ гэдгээ илэрхийлжээ.

“Манайх га­даадын ав­илга, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой” гэж хэлснийг  З.Энхболд уламжиллаа.

Ерөнхийлөгч хуулийнхантай уулзаж сайд асан С.Баярын Америк дахь олон хаусыг шалгах санал хэлэхэд, “Манай авилгачдын хөрөнгө байгаа Англи, Америк, Сингапуртай эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэрээ байхгүй учраас нөгөө улсын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гэх хариултыг өгсөн байдаг.

Гэтэл З.Энхболдын уулзсан Конгресс, Хууль зүйн яам зэрэг байгууллагууд, “Яг энэ хулгайлагдсан хөрөнгөө буцааж авахад эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх шаардлагагүй болсон. НҮБ-ын авилгын эсрэг конвенцын дагуу хүсэлтээ гаргахад л болно. Тэр конвенц эдийн засгийн харилцах туслах гэрээг орлодог” гэж хэлсэн байна.

Үүнээс гадна С.Баяр зэрэг хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй Америкт олон хаустай этгээдүүдийг шалгуулах хүсэлтээ гаргавал Америкийн талаас холбогдох баримтыг өгнө гэжээ.

Тэд “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энэ байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэж хэлсэн байна.

Мөн Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй оруулах асуудлыг “Бид судалж үзье. Хууль санаачлах гишүүдээ олоод хуулиа санаачилчхаад хэлээрэй. Бид дэмжинэ” гэх амлалтыг өгчээ.

Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн тал хувийг дангаараа гаргадаг учир татваргүй болсноор экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно. Энэхүү ажил нь ажлын байр нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгчийн сонгуулиар өгсөн амлалтын нэг хэсэг гэнэ.

Хэрэв ноолуураа боловсруулж бүтээгдэхүүн болгоод гадагш гаргавал нэг тэрбум долларын экспорт бий болно гэдгийг З.Энхболд онцолсон. Үүнээс гадна 200 мянган малчин айлаас эхлээд хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болох юм байна.

Ямартай ч Америкчууд оффшор дахь хөрөнгийг оруулахад тусална, оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй болгох талаар судалж үзнэ гэсэн. Тэгвэл юу болохыг харж байя даа.