Хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу дүүрэг бүр өнгөрсөн Ням гарагт өгөөмөр өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин ашиглах, боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивладаг уламжлалтай байна.

Өгөөмөр өдөрт нийт 341 ААН, байгууллага, 338 иргэн оролцож, өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэнд нь хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлууллаа. Тус өдрөөр нийт 21.952 эд зүйлс цугларч 7.320 орчим иргэнд хүрч ажилласан ба нэг сая гаруй төгрөгийн борлуулалт хийгджээ.

Дүүрэг уг бүр арга хэмжээг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулснаас гадна, иргэд өгөөмөр өдрийн талаар мэдээлэлтэй, хүлээлт ихтэй байсныг зохион байгуулагчид онцоллоо.

Өнгөрсөн жил өгөөмөр өдөр зургадугаар сард болсон бөгөөд 80 гаруй агентлаг, байгууллагын ажилтан, албан хаагчид хуучин зүйлээ цуглуулж өдөрлөгт хандивласан юм.