ЦУОШГ-ын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2-4 дүгээр сар хүртэл нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар дулаан байх ба нийт нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага хур тунадастай байх төлөвтэй байна.

Тэр тусмаа хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх мэдээллийг ирүүлсэн тул Улсын онцгой комиссоос ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээий талаар албан даалгавар гаргажээ.

Уг даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахыг үүрэг болгосон байна.

Сануулахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568.6 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, ААН, байгууллагад 39.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.