Ой тогтоолтын тамирчдын олон улсын чансаа өнгөрсөн сарын 31-нд шинэчлэгдэж, Монголын оюун ухааны академийн тамирчин, ОУХМ Н.Мөнхшүр чансааг тэргүүллээ. 

Шинэ чансаанд 6000 гаруй тамирчин багтсанаас Н.Мөнхшүр 7311 оноогоор тэргүүлсэн бөгөөд тэрээр энэ спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин боллоо. 

Өмнө нь ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг алдарт тамирчин Алекс Муллен сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлсэн байна.

ОУХМ Н.Мөнхшүр нь 2016 оноос эхлэн уг спортоор хичээллэж байгаа ба өсвөрийн дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга юм. 

Мөн тэрээр өөрийн ихэр Н.Энхшүрийн хамт 2017 онд Хятадад болсон 100 мянган долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд оролцож, хоёулаа дэлхийн рекордыг шинэчилснээр хамтдаа Гиннесийн номонд бичигдсэн билээ. 

Уг тэмцээнд Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тоог алдаагүй санаж хэлсэн бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр цээжилж нэрлэсэн рекордыг геннист бүртгэсэн юм. Түүнчлэн ихэр охид Оросын Россия - 1 телевизийн Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт урилгаар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, үзэгчдийг гайхшруулжээ. 

Дашрамд дурдахад, энэ оны ой тогтоолтын ДАШТ Хятадын Вүхуан мужид 12 сард болохоор төлөвлөгдсөн байна.