МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. 

Шүүх хурал таван шүүгдэгч, 26 өмгөөлөгчтэй хаалттай болсон ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох авилга, албан тушаалын хэргийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.

Сануулбал, МХЕГ-ын ажилтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нар нь улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар тэрбум төгрөгийн хахууль авчээ. 

АТГ-ын мөрдөгчид зөвхөн Н.Баярсайханы гэрээс 230.8 сая төгрөг, 152.177 доллар, 77.000 юанийг бэлнээр хураасан байна. 

Улмаар шүүхээс Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Харин Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.