Энэ сарын дөрвөнд Хэнтийн уулархаг нутаг, зүүн аймгийн зарим газраар, таванд баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи гурванд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 4, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Мөн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.