Instagram-ийн мессежний хэсэгт шинээр групп видео чат нэмэгдэхээр болжээ. Та видео чатаа багасгаж найзуудтайгаа ярингаа зурагнууд үзсэн ч болно.

Мөн камерын хэсэгт сахал, малгай зэрэг шинэ filter-үүд нэмжээ. Үүнээс гадна хүн бүр өөрийн гэсэн filter-ийг зохиож болох юм. Харин хэн нэгний бүтээсэн filter-ийг ашиглахын тулд тухайн хүнийг заавал дагасан байх шаардлагатай гэнэ.

Бусад аппликэйшнүүдээс зураг, бичлэгээ Instagram, Facebook-ийн түүх руугээ шууд хуваалцах ч боломжтой болгохоор ажиллаж байгаа юм байна.

Цаашлаад, ёс бус, бүдүүлэг хэллэг, дээрэлхэх хандлагатай сэтгэгдлүүдийг автоматаар устгаж, тухайн сэтгэгдлийг бичсэн хүнд нь анхааруулга очдог нэг төрлийн шүүлтүүртэй болж байгаа гэнэ.

WhatsApp-аар юу байна?

WhatsApp, Facebook-ийн хооронд нууцлал болон хувийн мэдээлэлтэй холбоотой маргаан гарч, WhatsApp-ийн гүйцэтгэх захирал Жан Кум энэ Даваа гарагт ажлаасаа гарсан байна.

Тэгвэл тус аппликэйшний хувьд групп видео дуудлага болон мессежний хэсэгтээ төрөл бүрийн нууцлалын үйлчилгээтэй болж байгаа аж.

Messenger-т ч мөн шинэчлэл хийнэ

Messenger-ийн ерөнхий бүтэц, харагдах байдлыг илүү цэвэрхэн болгох зорилгоор өөрчлөхөөр болжээ. Мөн орчуулах үйлчилгээ нэмж байгаа ба эхний удаад Англи хэлнээс Испани хэл рүү хөрвүүлдэг болох юм байна. Цаашид дэлхийн олон хэлийг нэмэх зорилготой ажиллаж байгаа гэж Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлсэн юм.

Харин Messenger бот үйлчилгээг өөрийн хуудас дээрээ ашигладаг компаниуд чатандаа өөрсдийн бүтээсэн filter болон эффектүүдийг ашиглах боломжтой болох юм байна. Жишээлбэл, Sephora гэх гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллага өөрсдийн бүтээсэн нүүр хувиргах filter-үүдээ ашиглан хэрэглэгчдээ бүтээгдэхүүнүүдийг нь гэрээсээ туршиж үзэх боломжийг олгосон байна.

Үүнээс гадна, виртуал риалити шилээ 199 долларын өртөгтэйгөөр худалдаалж эхэлсэн байна.

Мөн зун гэхэд Facebook-т 3D зураг хийх боломжтой болно гэнэ.

Эх сурвалж: CNN