УУХҮЯ, Канадын гадаад хэргийн яамны санхүүжилтээр олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд сургалтын цахим порталыг албан ёсоор хүлээн авсан ба энэ оны 10 сараас ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Тус порталд олборлох салбарын засаглал, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны менежмент, уурхайн хаалт, уул уурхайн кадастр, тус салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн чиглэлээр цахим санг бүрдүүлжээ.

Мөн стратегийн орлогын менежменттэй холбоотой дотоодын болон олон улсын бодлого, зохицуулалт, сайн туршлага зэрэг 100 гаруй судалгаа, тайлан, сургалтын материал багтсан байна.

Цаашид олборлох салбар дахь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, оюутан, судлаач, мэргэжилтнийг хөгжүүлэх сургалт, судалгааны материалыг энэхүү порталд нэмж оруулах юм.

Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслийн хугацаа 2020 онд дуусах бөгөөд манай улсыг нийгмийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилготой байна.

Өнгөрсөн онд аж үйлдвэрийн салбар 18.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба 12.7 их наяд төгрөг нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт ноогдож байгаа юм.