Шадар сайд Ө.Энхтүвшин ажлын хэсгийн хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнгөрсөн сард болсон үерийн гамшгаас үүдсэн хохирол, сэргээн босголт, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцжээ.

Гамшгийн судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Үүнээс гэр орон нурсан, амьдрах боломжгүй болсон 264, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна.

Гэхдээ хандив тусламжийн хүрээнд 100 орчим өрх орон байртай болж, газар нь үерт эвдэгдэн амьдрах боломжгүй болсон 250 өрхийн хэрэгцээнд нийт 15 га газрыг шинээр хуваарилсан байна.

Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143,5 га талбайн лаг, шаврыг зайлуулж, цэвэрлэгээний ажил 72.5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61.7 хувьтай явагдаж байгааг аймгийн Засаг дарга  А.Гылымхан ажлын хэсэгт танилцуулжээ.

Тэрээр гамшгийн үед гарсан хохирол болоод сэргээн босголтын ажил, болон далан барих зэрэгт шаардлагатай таван тэрбум төгрөгийг ирэх оны төсвөөс энэ оны төсөвт шилжүүлж өгөхийг Улсын онцгой комиссын даргад уламжилсан байна.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас шаардагдах арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж зарим зардлыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн Засгийн газар, Олон улсын байгууллага, иргэдээс ирүүлж буй тусламжийг ил тод, хүртээмжтэй тараах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж Өлгий суманд нэн шаардлагатай байгаа 540 гаруй сая төгрөгийн 468 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс үлдсэнийг нь аймаг, сумын нөөц сангаас гаргахаар болсон юм.

Зураг: Онцгой байдлын Ерөнхий газар