Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарлыг татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Ерөнхий прокурорын тушаалаар өнгөрсөн сарын есөнд байгуулагдсан ажлын хэсэг олон нийтийн анхааралд ороод байсан хэргийг нэг сарын хугацаанд хянажээ.

Үүний үр дүнд тэдгээр хэргийн заримыг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн үүрэг, чиглэлүүдийг холбогдох байгууллагуудад өгөхөөр болсон байна.

Эрүүгийн тодорхой хэрэг бүрийн талаар шүүхээр шийдвэрлэсэн даруйд цаг тухайд нь олон нийтэд Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэхээр болсон юм.

Сануулахад, Ерөнхийлөгч гуравдугаар сард зарлиг гарган ерөнхий прокурор М.Энх-Амгаланг чөлөөлж оронд нь Б.Жаргалсайхныг томилсон юм. Тэрээр ажлаа авсан даруйдаа шийдвэрлэгдээгүй удсан томоохон хэргүүдийг хянаж, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм.