Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй шилдэг хүчтэнүүдийн анхны багш, Оросын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит Олон улсын тэмцээн энэ сарын 18-20-нд Красноярск хотод болно.

Энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглоно.

Мөн зарим нэг бөхчүүд өмнөх жингээсээ өөр жинд барилдахаар болжээ. Тухайлбал, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран өмнө нь 74 кг-д барилддаг байсан бол энэ жилээс 70 кг-д, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга 61 кг-аас бууж, 57 кг-д барилдахаар болсон байна.

Оросын чөлөөт бөхийн холбооноос уг тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг дэлхийн чансаа олгох дөрвөн том тэмцээний нэг Иван Ярыгиний нэрэмжит алтан гранприд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Дашрамд дурдахад, Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн 12 сард эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа тэмцээнүүдийг нэгтгэсэн байна.

Ингэснээр нэгдүгээр сард зохиогддог Иван Ярыгины алтан гранпри, хоёрдугаар сард Дан Коловын нэрэмжит тэмцээн, тавдугаар сард Сассаригийн олон улсын тэмцээн, долдугаар сард Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнээр тус тус дэлхийн чансааны оноог олгох юм.

Зураг: Mongolian Wrestling Federation