Монголын аялал жуулчлалын холбооноос санаачлан олон улсын аялал жуулчлалын ITM 2019 үзэсгэлэнг энэ сарын 29-31-нд Мишээл Экспод 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, Оросын Буриад, Тува, Өвөрмонголын аялал жуулчлал, тээвэр болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллага бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулах юм.

Энэхүү үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэнэ.

Мөн энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус болон хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад ажилд орох, дадлага хийх боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7820 дугаараас авах боломжтой юм.

Дашрамд дурдахад, манай улс аялал жуулчлалын салбараас жилд дунджаар нэг их наяд төгрөгийн орлого олдог байна.